Аххх, Истанбул...

Nasilsin?
Nasil gittin?

Rahat misin? artik Istanbul'da?


гээд Эмрэ Аядин хэмээх Туркийн нэлээд алдартай поп дуучны дуулсан дуу байдаг. Энэ дууг сонсох дуртай, гэхдээ дууных нь үгнээс "Истанбулд яажшуухан байна даа" гэх утга агуулсан энэ мөрөнд ЯАГААД Ч ЮМ маш их дуртай.

Турк орон, миний амьдралын салшгүй нэгэн хэсэг болон үлдэж хоцорсон. Хэнтэй ч маргашгүй, дурсамж дүүрэн, адал явдлаар бялхсан, инээд хөөрөөр гэрэлтсэн үеүүдээ хэзээ ч мартамгүй...

Гэхдээ л хүүхэд байж дээ, энэ орны хамгийн сайхан хотын зөвхөн онгоцны буудлын үүдэнд хөл тавьж үзсэн би өөр юуг ч үзэж чадаагүй эх оронлуугаа яг л хэн нэгэнд хөөгдсөн мэт яваад ирсэнсэн. Би хөөгдөж байсаан... Яг үнэндээ бол нэг зүйлд хөөгдөж байсан. Гэхдээ л Истанбулд түрхэн зуур саатаад дээшээ тэнгэр өөд хараад нэг сайхан амьсгал аваад тайвширчихаж болох л байсан. Анхнаасаа Анкара биш, Истанбулыг сонгох ёстой байсан. Анхнаасаа л надад 2 биш 1 л сонголт байсансан бол... Хүн гэхдээ ухаанаар дүүрсэн тэнэг амьтан л даа. Сонголт олон байх тусамаа хамгийн азгүй, хувьгүй замруугаа тэмүүлэн тэмүүлсээр дараа нь амаа барьдаг.

Анкарад өнгөрүүлсэн нэг жилээ би үгүйсгэсэнгүй. Хотын хамгийн өндөр цамхагт гарч зогчихоод "Хэзээ нэг өдөр би энэ хотоос холдоод явах нь ойлгомжтой. Харин гагцхүү дараа нь, дараа нь хэзээ нэгэн өдөр би энэ цамхагт АХИЖ гарч ирээд, өмнө нь ингээд зогсож билээ гэж бодлогоширон зогсон байна даа" гэж өөртөө тэрүүхэн тэндээ ам гарсан юм.

Анкарад миний амьдралдаа хэзээ ч мартаж боломгүй тийм хором мөчүүд, хэзээ ч бодоод инээмсэглэл дүр төрхөнд минь тодорхоор сайхан дурсамжууд, хэзээ ч найзлаж үнэнчээр нөхөрлөж үзээгүй тийм андууд бий. Тэд Анкарагийн гол хэсэгтэй хамт миний зүрхэн гүнд тодоос тод уран зургаа сийлчихээд хоцорсон.  

Истанбулын цахлай шувууд хаа сайгүй
Истанбулыг үзэх гэсэн жуулчид энд тэндгүй
Истанбулын сүм хийдийн хийц загварыг гайхаад барамгүй
Истанбулд болсон хайрын түүхүүд мундашгүй
Истанбулын гудмаар хүнээс их юмгүй
Истанбулын замын түгжрэл түмэн завгүй
Истанбулын хоёр захыг холбосон гүүр үнэнхүү гайхалтай


Аххх Истанбул ийм тийм гэж
Ам дамжин бусдаас л би сонссон
Аххх Истанбул чамайг би нэг үзэхсэн
Истанбул чам дээр би нэг очихсон
Истанбул чамаар нэг би тэнэхсэн...

Одоо бодох нь ээ, би их айсан байж. Автобуснаас буугаад чемоданаа чирээд тэр том хотоор ганцаараа аялчихаж зүрх надад байсангүй, аймхай байж. 19 тэй жаахан охин угаасаа зүрхлэнэ гэж үү...

Истанбул чамайг би үзээгүй хэрнээ санаж байна
Истанбул чамд би итгээгүй хэрнээ дурлаж байна
Истанбул чамаас очоогүй хэрнээ дурсамж нэхэж байна
Истанбул чамайг би мэдэхгүй хэрнээ мэдэрч байна...




Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes