Өөртөө урам хугарах тэр мөч...

Өөрөө өөртөө урам хугарах энэ мөч
Өрөөлийг гомдоохоос ч илүү өр өвтгөнө
Өмнө нь би баяртай байсан, инээж дуулж бас хөөрч
Өвдөж бас шаналж, энэлж үзсэн...гэхдээ
Өөртөө ингэж ихээр урам хугарч байсангүй ээ, үнэндээ
Өргөс цээжинд минь зоогдчих гээд
Өөрийгөө би яах ийхээ мэдэхгүй сууна
Хутга, сэлэм, жад, буу гээд л
Хүний амьдралд аймшигтай зүйлс зөндөө
Хуруугаа зүсэж, тархиндаа чиглүүлж мэдэх
Хачин аймар зүйл гэдэг нь ч үнэн

Гэхдээ байна аа, тэр бүхнийг аюултай гэдгийг
Гэнэн жаахан хүүхдээс настан хүртэл мэддэг, ойлгодог
Гэхдээ хүний сэтгэлд аймар мэдрэмжүүдийг төрүүлэхүйц
Гэм нүгэл, урам хугаралт, айдас хүйдэс, үл итгэлцэл, үгний хатуу
Гээд илүү аймшигтай "үл үзэгдэгчид" үнэндээ байдаг гэдгийг
Тэр бүр бид мэдэрдэггүй юм шиг.

Урам чинь хугарваас
Урагшаа алхах итгэл чамд үгүй болно
Уур хилэн чинь дүүрч багтарваас
Ухаанаа алдаж биеэ чи мэдрэхээ байна
Айж чичирч, ганцаардваас
Атга зүрх чинь цээжнээсээ гараад ирэх шиг хоосорно
Итгэлээ хэн нэгэнд алдахын цагт
Ирээдүй чиний өмнө бүрхэж эхэлнэ...
Хэн нэгний хатуурхсан үгийг сонссон чиний чих
Хэзээ ч, хэзээ ч, бүр хэзээ ч шүү ахиж итгэх гэнэ...

Аймар биш гэж үү?
Аймар байна, надад л лав
Яг одоо энэ бүхний нэгийг нь мэдрээд сууж байгаадаа
Яах ч аргагүй дээ блогоо ширтэж сууна
Үдэш хэрхэн нойрсож
Үүрээр хэрхэн сэрвэлзэж
Сэрсэн үедээ юуг тунгаан бодохоо ч үл мэднэ
Санасан хойноо юунд найдаж итгэхээ ч үл мэднэ
Хамгийн гол нь юунаас болж ингэж унаснаа
Хоёр, гурав, дөрөв дахин бодлоо ч аймшигтай байна...

Зүгээр л бодоод уйлчихая гэхээр
Нулимс минь хүртэл надаас урвасан мэт ширгэсэн бололтой
Зүгээр л тоохгүй өнгөрөөчихье гэхээр
Нэхэн нэхэн сэтгэлээс минь чангаагаад байгаа бололтой

Хэн нэгэнд өчье юү гэсэн ч
Хэн ч намайг ойлгохгүй гэдэг нь
Хэврэг сэтгэлийн угаас мэдэгдэж байна
Хэчнээн хол зүрхний утаснаас сонсогдож байна...

Тэгэхээр надад хэн ч хэрэггүй
Тэсэж даваад өөрөө л туулах ёстой байх
Тэрүүхэн тэндээ гацаж л байдаг жамтай
Тэнэгэр хорвоогийн зуурдын нэг саатал байх...


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан