"Хайрлахад шалтгаан хэрэггүй"

Яагаад түүнд хайртай юм гэж
Янаг амраг минь надаас асуулаа
Ямар сонин хорвоо юм бэ
Яагаад заавал шалтгаан хэрэгтэй юм?
Хайрласан л болохоос би
Хүний эд зүйлийг шүүрч аваагүй
Харамласан л болохоос би
Хуурмаг зангаар түүнд хандаагүй
Хэрэг хийсэн гэмтэн л
Хүний өмнө шалтгаан өчдөг
Хайрласан намайг хэрэгтэн гэвэл
Хамаг орчлонгийн өмнө сөхөрч би хэлье
Даруухан зан чинь чамайг чимжээ
Даварч би чамайг хайрлах гэжээ
Дассан цаг хугацаа чамайг ойртуулжээ
Даарч би энгэрт чинь эрхлэх гэжээ
Нулимстай хорвоог нууж явахад минь
Нэг л мэдэхнээ өмнө гарч ирчихээд
Нэг ч зүйл асуулгүй арчиж өгсөн болохоор чинь
Нандин сэтгэл минь уяарчихсан юм уу даа
Олон хүнд байхгүй сайхан сэтгэл чинь
Онцолж миний хайрыг татсан байх
Одоо ч гэсэн дэргэд минь байх чинь
Оддоос илүү сэтгэлийг минь татсан байх
Зүгээр л байгаагаараа байх чинь
Зүснээс чинь илүү харагдсан
Зүггүй хөгжилдөн инээмсэглэх чинь
Зүгээр л миний дурлах шалтгаан байсан
Үүнээс илүү шалтгаан алга надад
Үг хүртэл дурлалын гэрч гэдгийг би мэдсэнгүй
Үнэн сэтгэлээс өөр зүйл алга надад
Үүрд чамайг хайрлана гэдгээ би мэдсэнгүй.

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes