Үхлээс би айхгүй

Хүн ахуйн тавилангаар хорвоод би хүн болж ирчихээд
Хүүрээ шороонд булуулж нүдээ анихаас би айхгүй
Хүний заяагаар орчлонгийн хязгаарыг олж үзчихээд
Хүслээ гүйцээж жам ёсоороо одохоос би айхгүй

Үнэн гэхдээ би
Үнхэлцэг хагартлаа айдаг байлаа
Үүрд л ингээд нар сарны заагаас зүүгдэж
Үүрээр сэрж, шөнөөр нойрсдог байхыг хүсдэг байлаа
Харанхуй тамын элч
Хаалга үүдийг минь шагайхаас 
Хамаг хөлс минь чихарч
Хүйдэс минь надаас салдаггүй байлаа...

Хэрэг хийсэн биш би амьдарч яваа л хүн
Хэнхэг цээжний ард нууцхан амьсгалж яваа л амьтан
Харин цаг нь болохоор би айхгүй
Хаашаа ч байсан хувь тавилангаасаа би хазайхгүй
Учир нь үхэл гэдэг чинь миний үзэх ёстой хязгаар
Угаасаа хүн төрөлхтөнд заяагдсан нэг тийм тавилан
Ухасхийн түүнээс зугатах зам нэгэнт байхгүй
Учирч л таарна хэзээд үхэлтэй би...

Гагцхүү, үхэл ээлжийг минь дуулгах үед
Гэмшил харууслаас би холуур байхсан
Гагцхүү, үдэж одохын зэврүүн өглөө
"Гайхалтай" сайхан зүүдээр би нойрсож амирлахсан...


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан