Сэтгэл минь шимширсэн 15 минут

Гэрээсээ гараад "За такси зогсдог болов уу яадаг бол" гэтэл нэг такси харин ашгүй хажуудаа нэг жаахан хүү суулгасан нэг ах зогсдог байгаа. Хүйтэнд удаан зогсож, даарахыг хүсээгүй би даруй сууж, хаалгыг хааж авах гэхэд ухасхийн хөдөлчихөв. Би дотроо "Хаалгаа хааж амжаа ч үгүй байхад хөдөлчихдөг яасан сонин жолооч вэ" хэмээн дотроо хальтхан бодчихоод "Наран Плаза" гэж жаахан тодхон мөртөө дурамчхан хэлээд сууж авлаа. Удалгүй юу ч дугаралгүй нэг дэвтэр үзэг өөдөөс дөхүүлэв. 

Би "Юу билээ?" гэж дотроо хэсэг гайхаж байтал нэг л зүйл хэлээд байгаа бололтой, дэвтэр үзгээ л өгөөд байна. Аваад нээгээд үзтэл нүдэнд:

"Хүнсний 20" энэ тэр гэчихсэн баахан ийшээ тийшээ газрын нэр сарааччихсан халтар хуудаснууд байх нь тэр ээ. Байдлыг тэр дор нь ойлгосон би бээр бушуухан нэг шинэ хуудас нээгээд "Наран Плаза, Энхтайваны гүүр" гээд дармалдаад өглөө. Тухайн үедээ энэ хүүхэд нь ч гэсэн үү? гэж бодолхийлээд нэг их тоохгүй дүр эсгэхийн хажуугаар надад юм юм л бодогдлоо.

Тэр ахыг хэдий өрөвдөж байсан ч миний өрөвдөх шал илүүц мэт хээвнэгхэн хүүтэйгээ дохио зангаагаар ярилцаад л явлаа. Өнөөдрийг хүртэл гомдоллож, одоог хүртэл болохгүй байна гэж гонгинож байсан зүйлүүд энэ зүйлийн дэргэд магадгүй юу ч биш. Мэдээж манай өнөөгийн нийгэм дүлий, хэлгүй хүнийг ажилд авах нь угаасаа худлаа. Тэр олон сараачсан дэвтрийн хуудаснууд халтар хэдэн цаас мэт харагдаж байгаа ч надад харин тэр хүн хэчнээн олон хүн суулгаад зорьсон газар нь хүргэж өгөөд талхныхаа хэдэн төгрөгийг олж байсан бол оо? Энэ хүн мэдрэхүйн эрхтэнээ алдлаа гээд үхэхээ хүлээгээд дээшээ хараад зүгээр хэвтээгүй байна. Өглөөдөө хүн шиг гараад хүүгээ сургуульд нь хүргэж өгчихөөд, эцэг шиг орой тарахад нь авчихаад гэртээ харих замдаа хэдэн цаг саатаж, таксинд хамт явдаг байж таараа. 

Тэр хүүгийн сониуч зан хөдөлсөн үү, яасан. Надруу байн байн эргэж хараад л байлаа. Би ч харах бүрт нь инээмсэглээд л байлаа. Хэчнээн тэр хүү аавтайгаа дохио зангааны хэлээр хээвнэгхэн ярилцчихаад эмээтэйгээ утсаар харин үг солиж байгааг ажиглаад би "Бидний эргэн тойронд хэдий хэлгүй, дүлий хүн байхгүй  ч гэлээ, энэ нийгэмд би оршиж байгаа л бол надад дохио зангааны хэлийг сурах шаардлага байгаа юм байна" гэдгийг ухамсарлалаа. Дохио зангааны хэл сурлаа гээд надаас, залуусаас уг нь юу ч унахгүй харин ч нийгмийн эмзэг бүлэг хүмүүсийг "Та нар бол эмзэг шүү" гэж ялгаварлахгүй, ижил тэгш нийгэмд оршин тогтнохын тулд аль аль хэлийг нь мэддэг, ярилцчихдаг, санаа оноогоо тулсан цагт хуваалцчихдаг байж гэмээнэ энэ нийгмийн соёлыг илэрхийлж, гагцхүү тийм нийгмийг эрүүл нийгэм гэх байх миний бодлоор.

Сэтгэл минь шимширсэн ч амьдралаа аваад явж байгаа ах хүүгийн зориг зүрх, тэвчээрээр би бахархсан. Бас надад хэзээд хэцүү зүйл тохиолдоход санаж явах хатуу сануулга болж чадсан. Тэр хүний амьдралаар даажигнах гэсэн юм биш. Харин ч би, чи, магадгүй та явцуухан зүйл дээр гоншигонож байгаагаа бодох юм бол арчаагүй байна гэдгээ нэг санах хэрэгтэй.

Бид бүгд л адилхан хүн. Эцсийн эцэст амьдралаа аваад явчихдаг ухамсартай л байх хэрэгтэй. Тийм их тэвчээр гаргаж байгаа мянга мянган хүмүүсээр бахархаж байна. Өнөөдрийн миний нэг хүнээс хатуу үг сонсчихоод, дундаж амьдралын айлын байдаг л нэг зовлонг амсдаг гээд надад үнэндээ олон юм ярих эрх байхгүй мэт....

Хүн хүнээ хайрлах гээд яах вэ, угаасаа бид чадахгүй. Ойр байгаа нэгнээ ч хайрлаж чаддаггүй ядмагхан дотортой хүмүүс. Харин нэг нэгнийхээ хажууд хүн шиг л явж, ухамсартай, эрүүл саруул л амьдарцгаая.

2014-10-07 
(Орой таксинд суугаад бодолхийлсэн сэтгэл минь шимширсэн 15 минутыг найруулж бичив.)
 

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан