Урмын биш хугарлын үг

Гунигтай байна... Ганцаараа байна.... Сэтгэлд хүйтэн жавар өвөл ч болж амжаагүй байхад хурчихлаа... 

Дөнгөж саяхан АСК - ийн өнөөдрийн "Чи юугаараа бахдаж, бахархдаг вэ?" гэдэг асуултанд "Өнөөдөр хэн байгаагаагаараа..." гэж итгэл дүүрэн хариулсан. Хэдхэн хормын дотор урмын биш хугарлын үгийг сонслоо. Зүрх минь зүсэгдэх шиг л... "Би өнөөдөр хэн ч биш юм байна.", "Би тэдний хүссэн "сайн охин" нь байж чадахгүй байгаа юм байна", хэнээс ч илүү чихийг нь нэг ч удаа халууцуулж байгаагүй охин нь өнөөдөр тэдний сэтгэл ханамжинд хүрээгүй байна.. Ямар аймар хэрэг вэ? Хүүхэд гэдэг чинь их эмзэгхэн. Би үүнийг хүүхэд байхдаа л мэднэ, мэдэрнэ. Гэхдээ том болохдоо хүмүүс мартчихдаг. Зүгээр л мартчихдаг. Үүнийг бичиж байгаа маань ч учир утгатай. Ирээдүйд хүүхдийнхээ сэтгэлийг эмзэглүүлэх үг хэлж байхгүйн тулд шүү дээ, байнга санаж явах гэж шүү дээ.. Би хэлье. Та нар ч гэсэн байнга алдаа оноо, томчуулаас харж, ажиглаж байгаа бүхнээ бичиж тэмдэглэж байх хэрэгтэй. Бид хэдэн мянган гигабайттай роботууд биш шүү дээ. Хэнийг яаж гомдоож, баярлуулж байснаа зүгээр л мартчихдаг хэтэрхий энгийн амьтад. 

Нэг их сайхан зүйлийг мөрөөдөөд түүндээ яавал хүрэх вэ гээд толгойгоо гашилгаж суухад хэн нэгэн нь, тэр ч бүү хэл, хамгийн дотно, сайн хүн маань гэж бодож явсан хүн чинь ганцхан "Ээ, чи чадахгүй дээ, Чамд тохирохгүй ээ, Өөр зүйл бодож ол, Тэрүүгээр яах гэсэн юм..." гэж хэлээд л нөгөө буцалж, оргилж, цэцэглэж байсан "хүсэл, зорилгыг" унтрааж орхино. Энэ бүхэнд зөвхөн ингэж л хэлж байх хэрэгтэй. "Чи миний хэн болохыг заадаг ХЭН БЭ?". Тэгээд л болоо. Түс тас. 

"Чи чадсангүй. Чадахгүй юм байна..." 

Надад бол яг одоо чихээр минь дамжин зүрх сэтгэлд хүрч байгаа хамгийн аймшигтай үг. Би тэртээ тэргүй чадаагүйгээ, алдсанаа ойлгож, ухамсарлаж ядан өөрөө өөртэйгөө "тэмцэлдэж" байхад надад өөр хэн нэгний өөр дайн хэрэггүй бөгөөд ингэж хэлэх хэрэггүй шүү дээ. Томчууд яагаад үүнийг ойлгодоггүй юм бэ? 

"Усалсан дэлбээ бүрийг минь үнэртчихээд, ургаж чадаагүй унасан навч бүрийг минь дороо дэвсэлнэ."

Хувь хүний үүднээс бодоод үзвэл, (Учир нь гэр бүл, найз нөхөд, хамаатан садан гээд хэн ч байлаа, ямар ч төрлийн холбоо байлаа гээд бид чухамдаа хувь хүмүүс...) тэд миний төлөө золиослож байсан ч би ч гэсэн яг одоо надад байсан, байж болох байсан, байгаа, байх зүйлсээ зориулсаар л байна. Урмын биш хугарлын үг тэд нараас сонсох бүрт "Би, чадлаараа л хичээсэн" гэж хэлээд торгон мэлмийд минь нулимс бөмбөрдөг. Гэхдээ хэзээ ч би түүнээ харуулж байгаагүй. Хайнга хэлсэн үгнийх нь төлөө "Эвий" гэж өрөвдүүлэхийг хүсдэггүй дээ тэр!

Өнгөрсөн бүхэнд би гэхдээ хэнд хамаг сайнаараа байх гэж, бусдаас илүү мундагаа гайхуулах гэж, өөрөөсөө чин үнэнчийг нууж, хэлбэрдэх гэж хэний төлөө би мэрийсэн юм? Би бас гомдож, туних зүрх сэтгэлтэй уяхан охион. Та нар, тэд нар мэдэхгүй байж болно. Гэхдээ л би өөрийгөө хэнээс ч илүү мэддэг.

Одоо надад тэд нарт гайхуулаад байх юм үлдээгүй мэт. Хугарсан урам минь хэзээ ч сэхэл авахгүй мэт. Ядахад намайг ойлгох дэргэд хэн ч алга. 

Би ер нь сүүлийн үед яагаад байгаа юм бол оо? Би эсвэл байх ёсгүй газраа хийх ёсгүй зүйлээ хийгээд сууна уу? Магадгүй өнөөдөр миний болно, бүтнэ гэсэн зүйлс маань миний чин сэтгэлийн хүссэн зүйл биш. Тэгээд би өөрийгөө хуураад, зүгээр л хүчээр хаазлаад яваад байгаа хэрэг байх... 

Надад яг одоо үнэхээр хэцүү байна... Хэнд "Хэцүү байна" гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Хамаг хүссэн, ярилцахыг хүссэн хүмүүс маань холын холд байгаа. Хол байгаа ч бас хооронд том хана байгаа. Хэзээ ч тэр ханыг би сэтэлж болохгүй болохоороо л бодох бүрт сэтгэл минь бүр илүү шимширэх юм....

Анир чимээгүйд.....бүхнийг мартаад....нам унтаад....ахин сэрмээргүй....


Ядахнаа л, энд ингээд бичээд жаахан ч гэсэн хэнтэй ч юм бүү мэд, ярилцчихдаг болохоор бичвэртээ л баярлах юм даа....

Comments

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан