“Би ийм баймаар байна....”

Ажил өглөө 8 цагт эхэлж үдээс хойш 5 цагт дуусна. Амьдралын минь нэг бүхэл өдрийн минь бүхэл бүтэн 9 цаг буюу 360 минут албан ажил дээр өнгөрч байна. Долоо хоногийн 5 өдөр нь, сар бүрийн 4 долоо хоног, жилийн 12 сар нь нэг иймэрхүү... Гэтэл үлдсэн цаг хугацаанд нь өөр зөндөө гоё, сайхан зүйлүүд хиймээр байдаг. Тэгж байж, ажлын стресснээс бага ч атугай холдож, цаашдын эрч хүчээ авмаар байдаг. Гэтэл болдоггүй ээ... Амьдрал яах аргагүй ажил дээр л өнгөрөөд байна.

Харин би энэ их цаг хугацааг хэзээ ч битгий дэмий хоосон өнгөрөөхийг үнэхээр хүсдэггүй.
Өдрийн 8 цаг дуртай зүйлдээ дурлаж, ачааллаж, ажиллаж, бодол, оюун ухаан, сэтгэл зүрх, эрч хүчээ шавхан ажилламаар байна. Дунд нь нэг цагт нь хамт байхад үнэхээр сайхан сэтгэгдэл төрдөг сайхан хамт олонтой үдийн хоол идчихмээр байна. Орой нь “Нэг харсан чинь тарах цаг болчихож, ажлаа хурдан дуусгачихаад гэртээ хурдхан харьяа даа” гэж өөртөө хэлдэг баймаар байна. Өглөө хийх зүйлээ бодсоор ажилдаа дуртай гэгч нь хүрч ирээд эрч хүчтэйгээр ажлаа хийж эхлээд дунд нь аяга цай, кофе уучихаад л ажиллаад л, ажиллаад л... Ингэсээр сарын эцэст нь хийсэн ажлынхаа үр дүнг чих тавин хүлээж, тэсэж яддаг байж, цалин урамшууллаа авдаг баймаар байна.  

Би хүний дор ажилласан ч дуртай зүйлээ хийж өгч, түүнийгээ бусадтай хуваалцаж, миний гар хүрсэн, мэдлэг ухаан уралдуулсан бүхэн алив сайн сайхан, үр ашигтай зүйлийн нэг хэсэг болдог байгаасай гэж хүсч байна. Би өдийг хүртэл “зүгээр л” суралцаагүй. Зүгээр ч нэг их дээд сургууль төгсчихөөгүй гэдгээ хөндлөнгийн биш хамт ажиллагсад, дарга, удирдлага, хамт олон, гэр бүл, найз нөхөд, хамаатан садангууддаа хэлж, өөрөөрөө бахархмаар байна.
Би хүчээ шавхан ажиллаж, түүнийхээ хөлсөөр амттай талх аваад гэртээ орой ордог баймаар байна...


Би ийм л баймаар байна...  

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан