Би "ганцаараа байна."

Ажил овоо эрт тарлаа. Бусад хүмүүсийн хувьд эрт ч биш л дээ. Наддаа л эрт юм даа. Гэртээ хариад ээжийнхээ хийсэн хоолыг идээд, аавын хэлэх сургаальт үгсийг сонсох цагнаасаа жаахан хугаслаад дуртай Турк дуунуудаа сонсоод үүнийг бичиж сууна. 

Ер нь "ганцаараа байх" ба "ганцаардах" гэдэг нь хоорондоо тэс өөр утгатай хоёр зүйл юм. Би яг одоо ганцаардаж байгаадаа ингэж суугаа юм биш . Харин "ганцаараа баймаар" санагдаад л тэр. Өдийг хүртэл хүнтэй сууж, хувь заяагаа хэн нэгэнтэй хуваалцаагүй яваа над шиг хүнд энэ бол байх л үзэгдэл. Хорин дөрөв хүртэл ээ ганцаараа явсан /орчин үед залуучууд маш эрт гэрлэдэг болсон цаг үе/ миний хувьд ганцаараа байхдаа тун чиг таатай байх нь элбэг, үүнээсээ таашаалыг авч байдаг бөгөөд энэ л ганцаараа байх хүслийг минь маш хүчтэй дурлал, машид хүсэмжилсэн тийм харилцаа л эвдэж чадах байх. 

"Насан туршдаа ганцаараа явдаг ч юм уу" гэж бишгүй олон удаа боддог. Таарсан зэрэглээ бүрийг алив сайхан бүхэнтэй адилтган төсөөлж андуурахаар аяндаа ингэж бодогддог юм билээ л дээ. Хэрэв ингэж бодоод, сэтгэл шулуудсан бол насан туршдаа "ганцаардахгүйгээр" ганцаараа байж чадах чадвартай, хүчтэй болох ёстой. Хэний ч хайр халамжаар дуталгүй, хэнийг ч үгүйлж санагалзаж, сэтгэлээ өвтгөдөггүй, тийм хатуу сэтгэлтэй, бас хувиа хичээсэн байх ёстой байх. Гэхдээ тэгж амьдрах нь юу нь аз жаргалтай гэж? 

Гэхдээ өөрийгөө биш хэн нэгнийг бодохоор л явж явж өөрийгөө өвтгөөд л ганцаараа хоцорч үлддэг нь миний "стиль" болчихоод байгаа нь харамсалтай. 

Уг нь ийм зүйл бичиж гунихыг хүссэнгүй. Өнөөдрөөс бүх зүйлийг өөдрөг сэтгэлээр гэрэлт ирээдүйгээр төсөөлөн, итгэл сэтгэл дүүрэн "инээмсэглэж" амьдрахыг хүсэн сууж байсан. Хэдхэн хоромын өмнө шүү дээ. Ахиж урвуу царайлж, толгой гудайхгүй гэж бодож байсан. Одоо болон ирээдүйг минь үе үе тамлан шаналгаж байгаа өнгөрснийхээ тэр хэсгүүдийг "мартдаг" болчих юмсан. 

Амьдрал дэндүү агуу хэрнээ тэрүүхэн тэндээ хүмүүнээр хэрхэн тоглож, шоглохоо үнэхээр нэг мэдэх юм. Би л лав биш шүү, Надад л ийм зүйл тохиохгүй шүү, Би хэзээ ч! гэж ам гарсан зүйлүүд яг л ар араасаа гарч ирсээр... Яг л миний тэвчээрийг шалгаж байгаа мэт. Яг л тэвчээрийг минь шалгачих өөр арга энэ амьдралд үлдээгүй юм шиг. Хэзээ ч надад тохиолдохгүй дээ, би энэ л зүйлээс хол явах юм шүү гэж бодож явсан хүн чинь хэрэв тохиолдвол яана гэсэн арга чарга юугаа ч бодох вэ дээ... Үнэхээр тоглоомтой юм аа... Мөрөөр минь явж байхад намайг зөндөө хатгасан, хатгалт бүрээс нь цус гарч байсан. Харин одоо хэрнээ санаанд оромгүй хачин зүйлээр бие сэтгэлийг минь бас л өвтгөж байх... 

Би энэ амьдралд азтай ч юм шиг азгүй ч юм шиг төрсөн тийм л хүн.

Нэг хүмүүн дандаа азтай байгаад байж болохгүй л байсан байх л даа бас. Нөгөө амьдралын жам хуульд нь нийцэхгүй байдаг биз. Энэ нь сайхан бол тэр нь муухай байх ёстой гэсэн бичигдээгүй хувь тавилангийн хатуу хуулийг үг дуугүй мөрдөж яваа хүмүүн бид үнэхээр өрөвдөлтэй.

Эзэн нь байж чадахгүй энэ хорвоод эзэн нь юм шиг хууртагдаж амьдарч яанам бэ ер нь?

Comments

  1. Орчлон хорвоог аль талаас нь харж байгаад л байгаа болов уу.
    Болж бүтэхгүй олон зүйл байдаг ч бүтэж болох нь тэрнээсээ илүү их байдаг гэдэгт би итгэдэг. Инээмсэглэл, эрч хүчтэй байдлаа үргэлж хадгалж байгаарай. Чиний инээмсэглэл бусдаас онцгой...

    ReplyDelete
  2. Гудамжаар хосууд хөтлөлцөн алхах нь хааяадаа намайг нэг насаараа ганцаараа явах уу гэх бодолд бүрэн автуулж орхидог тал бий.... ганцаардах.. ганцаараа байх хоёр өөр... хааяа ч ганцаараа баймаар санагддаг л юм.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан