If I die young...

гэж яагаад ч юм өнөөдөржингөө бодолхийлэв. Нэг их бодоод байх сайхан ч зүйл биш л дээ. Гэхдээ л бодогдоод байсан, яагаад ч юм. Магадгүй, хүссэн хүлээсэн зүйл минь дэргэд үгүй болохоор амьдраад ер нь яах юм гэж бодсон байх... 

Би бүр хэрэв ээ ингээд л би залуугаар үхчихвэл хэн хэнд юу болох бол гэж нэг бүрчлэн бодож үзлээ л дээ. Ажил ихтэй байсан ч ажлаа хийгээд л завсраар нь хүчээр энэ тухай бодлууд орж ирээд салахгүй байсан. Мэдээж, эцэг эх минь гуниг зовлонд автана. Өмнө нь хайртай дуртай үхлээ хатлаа гэж хэлээд явж байсан залуу бол юу ч мэдэхгүй, өөрийнхөө одоо олсон жаргалтай амьдралаараа цаг хугацааг элээнэ. Найзууд маань хэсэгтээ л гунигт автаж, ганцаардах байх. Гэхдээ зүгээр л дээ, тэд бол өөр өөрсдийн гэсэн амьдралтай хүмүүс хааяахан намайг амьд явсныг бодож гунигт автаад л амьдралууд нь үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ.

Харин энэ блог минь л үүрд ингээд ахиж нийтлэл нэмэгдэхгүйгээр мөнхрөх байх даа... Энэ минь л би гэдэг хүн алга болчихвол надаас үлдэж хоцорсон цорын ганц "үнэт зүйл" болох байх... 

Хүмүүс юун төлөө энэ амьдралд үлдэх гэж үхэж тэмцээд байдгийг тэгэхдээ би одоо ойлгохгүй л байна. Юунд ч хүрсэн гэсэн би үхэх нь тодорхой. Юу үнэн, энэ үнэн. Тэгээд? Тэгээд яах уу? Миний бие байхгүй болчихоод байхад миний нэр үлдээд хэрэг юун? Үхэх дээрээ тулвал үхнэ л биз дээ. Яагаад болохгүй гэж? Яг юу нь тийм аймар байгаа юм бэ? Тэртээ тэргүй "амьданцар" явахдаа амьдын хагацал, азгүйтэлийн ид шидийг бүгдийг нь л үзэж явна. А - Б цэг хүртэл муруй замаар явсаар Б цэгтээ хүн гэдэг чинь хүрч л таарна. В цэг гэж байдаггүй нь үнэн. 

"Ганцхан л амьдарна шүү дээ"

гэж бодож байгаа байх л даа. Тийм ээ, би ч гэсэн мэдэж байна. Бид ганцхан л амьдарна. Гэвч ганцхан амьдрахдаа хүссэндээ хүрч, хүссэнээ авч, хүссэн хүнтэйгээ хамт байж, хүссэнээ хийхгүй юм бол АМЬДРААД ЕР НЬ ЯАХ ЮМ? Хясагдах гэж энэ орчлонд хүн болж төрсөн гэж үү? Үгүй л баймаар... Тэгвэл хүн болж төрөөд яах юм. 

Тэгээд бодлоо л доо, яаж үхвэл ? 

Өдөр бүр ганцаараа алхахдаа ингээд үхчихвэл яах бол гэж боддог. Жишээ нь, гүүрэн дээр явж байгаад уначихвал? Машин зам гарч байгаад дайруулчихвал? Үхэхэд бас учир байгаад байгаан. Мөрөөрөө л үхсэн нь дээр байх л даа. Хүнд бас гай болоод яах вэ дээ тэ. 

Хэзээ ч юм, хаана ч юм, юунаас ч юм тэгж уншиж билээ. "Үхэхийн хязгаар" гэж....  түүнийг уншаад: 

Үхлээс би айхгүй



Хүн ахуйн тавилангаар хорвоод би хүн болж ирчихээд

Хүүрээ шороонд булуулж нүдээ анихаас би айхгүй

Хүний заяагаар орчлонгийн хязгаарыг олж үзчихээд

Хүслээ гүйцээж жам ёсоороо одохоос би айхгүй



Үнэн гэхдээ би

Үнхэлцэг хагартлаа айдаг байлаа

Үүрд л ингээд нар сарны заагаас зүүгдэж

Үүрээр сэрж, шөнөөр нойрсдог байхыг хүсдэг байлаа

Харанхуй тамын элч

Хаалга үүдийг минь шагайхаас 

Хамаг хөлс минь чихарч

Хүйдэс минь надаас салдаггүй байлаа...



Хэрэг хийсэн биш би амьдарч яваа л хүн

Хэнхэг цээжний ард нууцхан амьсгалж яваа л амьтан

Харин цаг нь болохоор би айхгүй

Хаашаа ч байсан хувь тавилангаасаа би хазайхгүй

Учир нь үхэл гэдэг чинь миний үзэх ёстой хязгаар

Угаасаа хүн төрөлхтөнд заяагдсан нэг тийм тавилан

Ухасхийн түүнээс зугатах зам нэгэнт байхгүй

Учирч л таарна хэзээд үхэлтэй би...



Гагцхүү, үхэл ээлжийг минь дуулгах үед

Гэмшил харууслаас би холуур байхсан

Гагцхүү, үдэж одохын зэврүүн өглөө

"Гайхалтай" сайхан зүүдээр би нойрсож амирлахсан...
гэж бичиж байжээ. Жилийн өмнө юм байна. Цаг хугацаа өнгөрсөн ч би үхэхээс айхгүй хэвээрээ л байна даг. Хүсч, тэмүүлж, хичээж, гуйж, хүлээж, цөхөрч үзсээн. Тэгээд тэгээд хүссэнээ өөрийн болгож чадахгүй юм чинь, би одоо юунаас айх вэ дээ? Тэр нэг жил аавыгаа алдах дөхсөнсөн. Тэр үед магадгүй сэтгэл зүрх минь үхээд сэхсэн байх. Магад амьдийн хагацлаас илүүтэй үхсэний хагацал аймар санагдахгүй байгаа биз. Ер нь хамгийн аймшигтай бас харгис зүйл чинь бие махбодын амтлах зовлон огт биш юм аа. Сэтгэлийн шаналал байдаг юм аа. Ингээд бодсон өнгөрсөн амьдрал минь тэр чигтээ орж ирж байна. 

"5 эсвэл 7 давхар, дулаан адель ба гудас, хүйтэн хонгил, харанхуй, ээж, хүйтэн шорвог хацар дагасан нулимс, сайртсан хацар, бүлцийсэн нүд, эмэгтэй хүний орилох, бачуурах дуу, хараалын үгс, тас хийтэл хаалга савах чимээ, цус, хэн нэгнийг царайчлан гадуур хонох, ангийн хүүхдүүдийн шоолох дуун, баярхсан бардамналууд, ганцаардал, өөрийн эрхгүй бухимдах уур хилэн, цагдаа сэргийлэх, төмөр тор..." 
гээд энэ бүхэн миний хүүхэд насыг, өнгөрснийг тодорхойлно гэвэл итгэх үү? - Хэхэ, итгэхгүй л дээ. Үүнээс илүү хүүхэд өөр юу үзвэл зовж шаналах вэ? Илүү ямар зовлон байх уу? Сургуульд байхад миний мөрөөдөл юу байсан гээч? Хүүхдүүд янз бүрээр л бичдэг байсан. Баян болно, машин унана, тийм хүн болно, тийшээ явна, ийм ч юм авна гээд л... Харин минийх хамгийн энгийн мөртлөө тэд сонсоод инээхээр л... - Миний мөрөөдөл "тайван амьдрах". Би үнэндээ амьдралаас өөр юу ч хүсэхгүй дээ. Ийм л энгийн мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Харин өнөөдрийг хүртэл үзэж туулсан минь тэр тайван амьдралыг цогцлооход дэндүү хүнд бас дэндүү урам мохоохуйц юм. Урам хугарч байна аа. Урам хугарч байна. Энэ амьдралын утга учир чухам хаана, юундаа байдаг юм болоо гэж өглөө бүр бодож сэрэхээс одоо үнэхээр залхаж эхлэх шиг. 
Ингээд бодохоор инээдтэй байгаа биз? Тийм ээ, би ч гэсэн өөрийгөө, өөрийнхөө амьдралыг хараад инээд  хүрдэг юм. Магадгүй тэгж л гагцхүү баясдаг байх. Сэтгэлийн гол цөмрөх шиг л... 
Энийг л бичиж жаахан ч гэсэн бачуурсан сэтгэлээ онгойлгох гэж ажил дээрээ ганцаараа суугаа байх....
 

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes