Тавилан

Тавилан гэж ер нь юусан билээ...
Та бидний мэдэх нь юусан билээ

Талын Монголын үр болж төрсөн
Тансаг эх орны бүсгүй болж өссөн
Тэртээ алсыг зорьж хүмүүн болсон
Түүнийгээ санаад тэмүүлэн ирсэн
Тавилан юм уу энэ?

Мэдэх юугаан хуваалцаж
Мэргэд ухаантны дэргэд суусан
Мөдхөн тэгээд учрал тохиож
Мөрөөдлийн амьдралдаа хөл тавьсан
Тавилан юм уу энэ?

Үгүй, биш ээ гээд буцааж болдоггүй
Үг үйлдэл нь зөрсөн цаг хугацааг
Үнэндээ ойлгох ухаан минь хүрэх үгүй
Үглэн дуулан өнөөдрийг барж сууна
Энэ тэгээд тавилан юм уу?

Хүссэн зүг, хүлээсэн бүхэндээ тэмүүлсэн ч
Холдохын хясланг надад мэдрүүлж
Хайрласан ноцсон бүхэндээ шатан хайлсан ч
Хөндий юм, бүр дэндүү хөндий юм
Энэ тэгээд тавилан юм уу?

Бид хэн нэгний зурсан зурган дээр явна уу
Бичигдэж сийлэгдээгүй шинэ зураг зурж байна уу
Бичигдсэн гэхээр би өөрөө тэнд нь байхгүй
Бичигдээгүй гэхээр бүгд ийм байдаггүйг цэцэрхэх
Энэ тэгээд тавилан юм уу?

Тэгвэл тэр зурагдсан тавиланд чинь
Тэврэлт үгүйлсэн ганцаардмал бүсгүй оршиж байна уу
Асуугаад аль,
Таны мэдэх миний тавиланд
Тэртээх он жилүүдийг үгүйлсэн хөөрхийлэлтэй охин сууж байна уу
Мэдээд өг
Тавилангаа би сөрж явна уу, дагаж байна уу
Та надад нэг хэлээд аль.
Тэгвэл тавиланг би "байдаг" гэж бод юу.

2019.02.13

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes