"Эх орноосоо явмаар санагддаг"

Хотынхоо гудмаар
Хоцорч гүйхдээ
Хэдэн бүдүүлэг жолоочийн
Хэнэггүй авирт тушигдахдаа
Эх орноосоо явмаар санагддаг!

Ажил хийж татвараа төлөхдөө
Ашигч хэдхэн нь хуваагаад авчихдаг
Арай л дээрэнгүй нийгэмд
Аж төрж баахан бухимдахдаа
Эх орноосоо явмаар санагддаг!

Зүгээр л гудамжинд алхахдаа
Зөрсөн болгон хөмсөгөө зангидаад
Зөрүүлж өөдөөс нь инээмсэглэсэн ч
Зовхио үрчийлгэдгийг нь ажихдаа
Эх орноосоо явмаар санагддаг!

Төрийн алба нь төрөлжиж
Түвшин амгалан нь сарниж
Түмэн олон нь ядуурч
Түшээ болгон нь цатгалдахыг үзэхдээ
Эх орноосоо явмаар санагддаг!

Даарахаас илүү амьсгалахдаа зовж
Дүн өвлөөр гэртээ бүгэж суухдаа
Дундрашгүй энэ их утаан дунд
Дотор эрхтэнээ өвчлүүлж суухдаа
Эх орноосоо явмаар санагддаг!

Энэ их утааг МАНАН гэж андуурсан
Энэ улсын хэдэн иргэд нь
Эргэлт хийх сонголтоо зөвхөн
Эрээн хэдэн цаасаар арилжихыг сонсохдоо
Эх орноосоо явмаар санагддаг!

Төрийн албанд давхиад орохдоо
Төрлийн урагт нь төөрч гүйцэхдээ
Төөрсөөр төөрсөөр төрөлдөө
Түүний ах эгч, эхнэр нөхөр дүү...
Эх орноосоо явмаар санагддаг!

Шударга хөдөлмөрийг
Шулсан мах шиг худалдаж
Шинэхэн залуу хүчнүүдийг
Ширээн дээр цай л зөөлгөж...
Эх орноосоо явмаар санагддаг!

Амин үр тээсэн эх
Алтан амиа хүйтэн шаланд даатгаж
Атгахан үрийг нь халтар цаасаар үнэлж
Алж ч мэдэх аварч ч мэдэхэд
Эх орноосоо явмаар санагддаг!

Алдрай үрсээ сургах гэсэн
Аав ээжийн үүр шөнөгүй оочер
Алийг нь авахаа шийдэх аядахдаа
Атгуулсан хэдийг нь л авч орхидог
Эх орноосоо явмаар санагддаг!

Засаг солигдлоо
Заа одоо болно гэсэн шиг
Хуйхан толгойг халзлах шиг
Хүй олноор нь халаа сэлгэхэд
Эх орноосоо явмаар санагддаг!

Ялалт гэж байдаггүй МАНай улсад
Ялсан ч залалт гэж байдаггүй манай улсад
Яаж ийж байгаад энэ бүхэнтэй тэмцэн
Ярвайж сарвайж хэдэн цаас олж суухдаа
Эх орноосоо явмаар санагддаг!

Эх орноосоо гэхдээ явчихвал
Энд чинь хэн ингэж хэлж суух вэ?!
Эх орноо хөсөр хаячихвал
Энэ улсад чинь хэн эзэн суух вэ?!

Ингэж хэллээ ч, бухимдлаа ч
Ирэхгүй юм шиг яваад өгч чадахгүй ээ
Энд ингэж хилэгнэж суугаа ч
Эх орноосоо явах зориг нь надад байхгүй ээ!

2016.10.23
#ЭвэлинийЦонх



2016.10.23

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан