Хамгийн хямдхан "сайхан сэтгэл"

Өдрийн цайны цагаараа ажил дээрээ биш, гадуур бас хямдхан өртгөөр хоол олоод идчих санаатай гарлаа. Гадаа ч жихүүн хэрнээ нар ээгээд утаагүй, цэлмэг өнгөлөг байх нь сэтгэл тэнийлгэмээр л байлаа. Гадуур гарч хоол идэж байгаа өөр нэгэн шалтгаан нь ажил дээрээ идсэн хоолондоо нэг л идээшихгүй бас дургүй хүрээд байдаг болохоор зорин зорин гарсан юм. Тэгсэн нэгэн цогц бодол орж ирэх нь энэ ээ. 


Ажил дээрээ буюу "элит" хүмүүсийн ордог хоолны газарт 2 хоног идэх мөнгөөрөө тэр "хямдхан гуанз"-нд яаж ийж байгаад 4 хоног идчихнэ. Тэгээд жаахан мөнгө төлсөн болохоор ч тэр үү, порц ихтэй амттай мэт санагдана. Тэгээд л гэдэс сэтгэл зэрэг цатгалан гарч ирнэ. Бас болоогүй энэ гуанзанд ажилладаг тогооч, үйлчлэгч, кассчин нар нь бас л #сайхансэтгэл тэй. Мөнгөө өгөөд л, хоолоо захиална, түргэн шуурхай, эвлэгхэн эелдэг зөөлөн ааштай гэж ярих ч юм биш. Тогооч нар нь хоолыг маш хурдан хийгээд үйлчлэгч нар нь маш хурдан зөөгөөд өгнө. Үнэгүй байж болох амны алчуур, буцалсан ус, аяга таваг, халбага сэрээгээ хайр гамгүй асуусан болгонд авчирч өгнө. 

Тэрнээс гадна дотор нь үйлчлүүлж байгаа хүмүүс нь бас л #сайхансэтгэл тэй. "Хямдхан гуанз" болохоор зай их бага, жаахан шахцалдаж л сууна л даа. Яг хүмүүсийн тэг дунд л надад ганцаараа явааг минь мэдсэн юм шиг ганц хүний дөрвөлжин ширээ, ганц ширхэг сандал байхаар нь хоолоо захиалчихаад бушуухан сууж орхилоо. Тэгсэн удаагүй байж байтал зүүн урагшаа буланд аягүй аятайхан байрлал олоод суучихсан нэг өвөө л хоолоо хурдан хурдан зажлаад их л яаруу идэнгээ надруу л дохиод байгаа бололтой. Ийшээ суучих л гээд байгаа юм шиг байгаан. Би үжээний суудал олоод суучихсан болохоор ард байгаа хүнд маань хэлээд байна уу даа гээд хойшоогоо хартал хэн ч байдаггүй ээ, тэгсэн "Ах нь одоо бослоо, чи ийшээ суу" гэсэн дохио зангаагаар ярив. Би ч тэр даруй гэнэт ойлгоод, За яахав дээ суучихсан юм чинь гэж бодоод "Баярлалаа, зүгээр зүгээр" гэж хэлээд инээлээ. Тэгсэн миний хариултыг тоогоогүй юм байлгүй цайгаа яаран яаран уугаад унахаар нь За за, уг нь хүмүүсийн хөл дунд биш аятайхан газар байна даа гээд босоод очтол зөрж явахдаа тэр #сайхансэтгэл тэй өвөө "Энд суугаад хоолловол арай илүү тухтай шүү дээ охин минь" гэж хэлээд гараад яваад өгөв. Ээ дээ, энэ сайхан сэтгэлтэй хүмүүсийг яана вэ? 

Сэтгэлээ сайханаар хооллочихсон хүн чинь ходоодоо бас л сайхан хооллочихоод гараад ирнэ биз дээ? Хоолоо идээд дуусан дуустал үйлчлэгчид нь анхаарал халамж тавьсаар хамгийн сүүлд нь "Баярлалаа" гээд чанга дуугаар гарахын даваан дээр заавал ингэж хэлэхгүй бол болохгүй гэсэн шиг хэлэв. 

Ийм хямдхан өртгөөр #сайхансэтгэл ийг энэ "хямдхан гуанз" мэт газраас авч болоод байхад яагаад заавал тэр их үнэтэй, гял цал хийсэн, тансаг оргисон орд харш ядах мэт газарт очиж сарынхаа цалинг үрэнгээ, сэтгэл гонсгор үлдэх учиртай гэж вэ? Ялангуяа Монголд тэр тусмаа Монгол хүний цусанд "ХҮНД ҮЙЛЧИЛЭХ" бүлээн цус дусал ч шингээгүй байдаг болохоор тэд цаанаасаа л хүнд үйлчилж сураагүй, хүнд суртал, бардам зан заадаг. Тэгээд ч тийм их мөнгө төлчихөөд юу өмссөн зүүсэн, ямар зүс царайтай, хэнтэй юу хийж яваагаа хэдэн рестораны үйлчлүүлэгчдэд гайхуулах гэж, дээрээс доошоогоо ширтүүлж сонжуулан арай гэж хоолоо идчихээд идсэн хоолондоо сэтгэл тэр бүр ханадаггүй тийм "үнэтэй газар" уудаар орох хэрэг ер нь юун билээ? 


2016.01.06

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes