Өөрийгөө анзаарах нь

 "Өөрийгөө анзаарахгүй явсаар 

Өтлөчих вий дээ" гэсэн бодол гэнэт орж ирээд үүнийг бичиж сууна. Хүн бүр "өөрийгөө анзаарахуй" - г янз янзаар, өөр өөрийнхөөрөө л ойлгодог байх. Харин би юуг ажигласан бэ гэхээр, Хүмүүс бид өөрийгөө эхэлж ажиглахаас урьтаж өрөөл бусдыг илүү их ажиглаад байх шиг...

Тэр тийм хувцас өмсчихөж, ийм цүнх барьчихсан байна, тэгж явна лээ, ингэж ярьж байна лээ гэх мэтчилэн... Тэгээд? Тэгээд юу гэж? Та, Чи өөрийгөө юу өмссөн зүүснийг, бодож тунгааж байгаагаа, хэлж ярьж буйгаа, хийж үйлдэж буйгаа тэр хүмүүсээс түрүүлж АЖИГЛАХ ёстой гэдгээ ер нь мэддэг болов уу? 
"Хэрэв Та өөрийгөө сайн ажиглах юм бол бусдыг ажиглаж цагаа дэмий үрэх бүү хэл тийм хором ч танд олдохгүй"
 Өөрийгөө сайн ажиглана гэдэг маань бусдын өмссөн зүүснийг, хэлж ярьж, хийж буйг дагаад "урьтаж" хий гэсэн үг бас биш л дээ. Хэрэв Та, Чи залуу сайхан насан дээрээ үсэрч довхцон яваа бол амьдралд юу эс тохиолдохов дээ, хүний л амьдрал юм чинь. Гэхдээ тэглээ гээд тулгамдсан асуудал бүрт шаналаад, туршигдсан алдаа бүртээ түүртээд, гуниг зовлон, стресс бүхнийг нүүрэн дээрээ авчирч наагаад хэрэггүй дээ.
Ганц л үг хэлье: ЧИ ЗАЛУУ БАЙНА!
Гараад яв. Ажил хай. Хөдөлмөрлө. Хичээ. Тэгээд мөнгө ол. /"Ол" гэсэн болохоос зээл, хулгайл, шамшигдуул, хус гээгүй шүү/. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр, өрөөлийн өмнө зогсох бардам зан, баялаг эрдмээрээ ол. Олсон мөнгөө өөртөө зарцуулж сур. Өмсөхийг хүссэн /брэндийн биш шүү-хэрэв брэнд хөөвөл удахгүй дампуурчихна/ хувцасаа авч өмс, идэхийг хүссэн амттанаа авч ид, зугаалахыг хүссэн газарлуугаа аял, хийхийг хүссэн адал явдалтай зүйлүүдийг хий... Өөрийгөө зүгээр л анзаар. Хүний гадагшаа хандах хандлагын хамгийн анхдагч хандлага бол "анзаарах" байдаг. Анзаарч байж л алив нэг зүйлийг бодно, сэтгэнэ, хийж эхэлнэ. Тэгэхээр хаа нэгтээ, хэн нэгэнтэй, хийж буй ажлынхаа хажуугаар өөрийгөө зүгээр л нэг анзаараад үзээрэй. Чамд маш ихийг хэлэх болно. Хэн ч төгс биш, би, бид бүгд мэднэ. Бага багаар анзаарч эхэл. Тэгээд бага багаар хийж, өөрчилж эхэл. Дандаа л нэг зогсоол дээрээ нэг чиглэлийн галт тэрэг хүлээж сууна гэж юу байхав дээ? Чиглэлээ өөрчил, зогсоолоо соль. Гэхдээ илүү дээр ээр. 

Анзаараад болохгүй байгаа юм шиг санагдсан, бүтэхгүй байгаа юм шиг харагдсан жижиг гэлтгүй зүйлээсээ хийж эхэл. ХАМГИЙН ГОЛ нь бусдад таалагдахын тулд биш юм аа, зөвхөн өөртөө л таалагдахын тулд шүү дээ! Чи өөрөө өөртөө сэтгэл хангалуун байна гэдэг чинь Чигээрээ ямар ч саадгүй явна л гэсэн үг. 

Өрөөлийг гайхуулан бишрүүлэх гэж биш
Өөрийгөө гайхан бишрэхийн тулд 
Өөрийгөө анзаар
Өө сэвээ өөрчил,
Өнөөдөр ажигла, тэгээд
Өнөөдрийн маргааш хийж эхэл. 

2016.04.26

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes