Энд л би "ЭХ ОРОН" гэж бичсэн юм

Эргэж харахгүйгээр хилээ даваад
Эргэж буцахгүйгээр тэндээ амирлаад
Үзэх туулах хорвоогийн хагасыг үзээд
Үүрд тэндээ үлдчих юм шиг санасааан...

Гоё сайхан бүхэн цогцолсон
Гадны орон чинь тансаг юм билээ
Гадаа ч дотор ч нэг л чамин
Гайхам зүйлүүд олон юм билээ

Хүн гэдэг чинь инээх гэж төрсөн юм уу гэлтэй
Харийн ч гэлээ элгэсэг гэж яана
Харанхуй шөнө ч айх айдас үгүй
Хачин гэмээр жигтэй улсууд байна лээ

Хаа очсоноо дурсаад юүхэв
Хаа сайгүй бүгд адилхан болчихсон
Харин тэд олон дундаас
Хамаг Монгол минь ондоо юм билээ

Сайхан бүхнийг нь ажаад өнгөрөхөөр
Саар бүр нь цухуйдаг юм билээ
Сайнтай муутай явсан урд хөршийн
Сүүдэр орных гэхээр нь ундуйцдаг юм билээ

Агааргүй юм шиг бачимддагий нь яана
Атгуулчихсан юм шиг давчддагий нь яана
Өөрийн юм шиг эзэрхдэгий нь яана
Өрөөлийн юм шиг цэвдэгий нь яана

Зорьсон үйлдээ бууж өгсөндөө биш ээ
Зовох цангахыг тэвчээгүйдээ биш ээ
Зөвхөн эх орон минь гэхээр
Зүрх минь хүчтэй цохилдогийг мэдэрсэн

Бүгдий нь үзэж хараад дуусчихсан юм биш ээ
Бүтэн тойрч амжихгүйдээ биш ээ
Бүтэн Монгол минь "байгаа" гэж бодохоор
Буцах зам ганцхан гэдгийг ойлгосооон...

Битгий гэж туших нөхдүүдийг бодохоор
Буцах замгүй учир байдаг биз ээ
Бөхөж тэнд л мөнхөрнө гэж бодохоор
Бүлээхэн сэтгэл нь даардаг биз ээ

Харийн сайхныг хараад
Хачин ихээр санаа алдсан ч
Харьж эх нутагтаа ирчихээд
Хамаг эс минь тайтгарч билээ

Энд л би ясаа тавихын байна гэж
Эргэлт буцалтгүй ингэж л шийдсэн
Эрээн бараан амьдралыг өнгөлөх ч
Эргээд л ирэх нь энд л гэж ухаарсан...

Эргэж ирээд ганцхан л зүйлийг хийлээ
Энд л би "ЭХ ОРОН" гэж бичлээ... 

"ЭХ ОРОН!"


2017.03.31

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан