Тэр бид хоёрын “болзоо”

Тэр их сайхан сэтгэлтэй. Харахаар л нүдэнд дулаахан цаанаа л хайр татмаар... Түүнийг үргэлж би дэргэдээс нь ажиглаж, өөрт нь мэдэгдэхгүйгээр анхааралтай гэгч нь анзаарч явдаг. Гэхдээ намайг өөрийг нь харж явдаг гэдгийг мэддэг үгүйг би сайн хэлж мэдэхгүй юм. Ямар ч л байсан түүнийг энэ хорвоод байдаг болохоор, оршдог болохоор би өөрийгөө хамгийн аз жаргалтай гэж бодож явдаг. Түүний инээмсэглэл үү? Яааая, ёстой хөөрхөн шүү дээ. Инээд алдахад хамаг ухаан балартаж, зүгээр л диваажинд очсон мэт болдог. Хамгийн гол нь юунаас болж тийм их аз жаргалтай болж буйг нь мэдэх юм бол бүр ч би баясдаг. Эргэн тойрных нь түүнийг их сайн охин бас сайн ч хүн гэж боддогийг би мэднэ ээ. Бас их хөөрхөн ааштай. Заримдаа уйтгарлана, уйлна. Амьдрал шүү дээ, би үүнийг нь их ойлгодог юм. Харин уйлж байгааг нь харвал сэтгэл үнэндээ шимширмээр... Ажиглаад байх нь ээ, гэрийнхэндээ юунаас ч илүү хайртай. Харин хар хүүг хайрлаад алдсаныг нь би бас мэдэх болохоор тэр талаар бодох ч хэрэггүй. Зайлуул, хүнд их итгэмтгий юм шиг байгаа юм хараад байхад. Ай хөөрхий, аль хар бараан хүмүүс түүнийг дайрч өнгөрөхийг тэр гэхэв дээ. Тэр бүхнээс л түүнийг би хамгаалах юмсан. Олон жил түүнийг чимээгүйхэн харж явсан болохоор би түүнийг их сайн мэднэ ээ. Муухан найзаас нь байтугай сайн найзаас нь ч илүүтэйгээр мэддэг. Хүнийг чин сэтгэлээсээ хайрлах юм бол түүнийгээ нөгөө хүндээ илэрхийлнэ ээ л гэж байхгүй. Тэр хүнээ л хараад суудаг юм, чааваас.. Нэг сайн хүнтэй таарах юм бол өмнөөс нь гүйж очоод “Тийм ээ, тэр чамд сайн” гээд хэлчихмээр ч санагдах үе бий. Түүнийг яагаад ч юм орхиод явж чаддаггүй юм аа. Миний бүх л бие сэтгэл зүрх түүнтэй нягт холбогдсон мэт. Зайлуул, хүнд муу юм санадаггүй, үргэлж тусалж, тэдний баяртай байхыг үзэх гэж их л хичээдэг юм. Харин урмыг нь хугалах хүн дэргэд нь ямар олон гээч. Тэгээд л тэгэх бүрт өр зүрх нь өвдөөд л... Би ер нь өөрт нь хэлнэ гэж бодоод байгаа. Дэмий хүмүүст итгэл найдвараа алдаж, өөрийгөө ингэж зовоохоо боль гэж. Тэгэхгүй бол түүний өмнөөс би давхар шаналах гэж надад хэцүү юм. Гэхдээ л түүнийгээ ингэлээ гээд хэчнээнт тоохгүй орхиё гэвч яахын аргагүй үнэхээр их хайртай болохоор чадахгүй байна.

Яг одоо би үнэхээр жаргалтай байна. Яагаад гэж үү? Яагаад гэвэл энэ өдөр тэр надтай болзохыг зөвшөөрсөн. Тэр бид хоёрын анхны чин сэтгэлийн болзоо. Түүндээ нэг их гоё улаан сарнай бариад очдог юм билэв үү? Хэхэ, бодохоор л инээд хүрээд байх юм. Ийм өдөр бас ирдэг юм байж ээ. Гадуур цэцэг бариад болзсон газартаа очно гэхээр бүр ичээд байх юм. Хихи. 

Түүнтэйгээ уулзахад надад яг одоо гуравхан л цаг үлдэж. Тэр минь юу өмсөх бол? Нүдэнд дулаахан дээрээ улам л дур булаах байх даа... Хөөрхөөн, инээхээрээ тэр жаахан нүд нь бүр анигдаад алга болчихдогийн. Их эгдүүтэй. Дээр надад багынх нь зураг олдчихсон юм. Харсан чинь ямар их эгдүү хүрэв ээ. Тийм охинтой болохсон. Яг түүн шиг минь нүд, хамар, бондгор хацар зузаан хөмсөг уруул гээд л... Түүнтэйгээ үлдсэн амьдралдаа хамт байна гэж бодохоор л ёстой жаргах шиг л болж байна даа би.

За байз, болзоогоо юу ярьж эхлүүлэх вэ? Ямар ч байсан түүнийг энэ хорвоод, амьдралд оршдогт нь баярлалаа гэж хэлнэ. Тэгээд бас хөөрхөн гэдгийг нь байнга хэлнэ. Эмэгтэй хүн гэдэг чинь магтаалаас хэзээ ч уйддаггүй юм. Аа, тийм түүнийг надаас өөр хэн ч ингэж чин сэтгэлээсээ хайрлаж, хамгаалж чадахгүй гэдгийг нь харин ч нэг баттай хэлж, амлана. Надад итгэх болов уу? Итгүүлнэ дээ!

Хамгийн дуртай шоколадтай нэг зүсэм бялуун амттан, цэвэр жүржийн эсвэл мангоны шүүс бас зүгээр л сайн болгосон зөөлөн, амталсан үхрийн мах, будаа идэх дуртайг нь би сайн мэднэ. Тийм ч учраас орой түүнийхээ хамгийн тав тухтай байлгаж чадах нэг ресторанд захиалга өгчихсөн байгаа.
Амьдралын минь түүнтэйгээ өнгөрүүлэх анхны болзоо. Түүнд минь бүх зүйл таалагдана гэж найдаж байна. Сэтгэл ямар их догдолж байна аа. Тэр минь ч бас ингэж догдолж, баярлаж байгаа болов уу?

/5 цагийн дараа.../

Бид хоёрын болзоо өндөрлөхөд ширээн дээр нэгэн зурвас байв. Зурвасыг нээгээд уншвал:
“Юуны өмнө чамд би их баярлалаа. Болзоо үнэхээр гайхалтай байлаа.Бүх зүйл таалагдсан. Намайг чамаас өөр ийм сайн мэдэх хүн байгаа гэдэгт эргэлзсэн шүү. Чамтай хамт өнгөрүүлсэн энэ хоёр цагийг би хэзээ ч мартамгүй. Чамтай дандаа ингэж хамт байхыг би хүсэж байна. Намайг хайрлах гэсэн чин сэтгэлийг чинь өнөөдөр би сайн ойлголоо. Одоо би хэзээ ч амьдралд толгой гундуйж, гуниглахгүй ээ. Нулимс ч унагахгүй байхыг хичээж, амьдралд чамтайгаа л үүрд хамтдаа урт удаан он жилүүдийг туулж өнгөрүүлэхийг хичээх болно. Өнөөдрийн болзоо надад чамайг улам ойртууллаа. Намайг өнгөрсөн хугацаанд холоос ажиглаж, хайрлаж явж байсан  түүхийг чинь бодохоор үүнээс илүү сэтгэлийн баяр цэнгэл хаа байх билээ.Чи гэдэг хүн миний төлөө дэргэд минь байдагт би амьдралд талархлаа. Би ч гэсэн чамдаа хязгааргүй их хайртай юм байна.” - МИНИЙ БИЕ ӨӨРӨӨ

Хааяа ч болов өөртэйгээ болзож, өөртөө энэ хорвоод оршиж байдагт нь талархаж, хэнээс ч илүүтэйгээр ойлгохыг хичээж, урам зориг өгч, магтаж, хайрлаж, хүндэлж яваарай, хүмүүс ээ...

/2014.11.19 - ний өдөр зохиов./ 

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан