"Монгол Улсынхаа Төрийн ордон дотор явж байна" гэж бодохоор л өөрийн эрхгүй нуруу цээж цэх шулуун, толгой өөд алхамаар санагддаг.
Би анх хориод жилийн тэртээ ээжийнхээ гараас хөтлөөд Төрийн сүлд сүндэрлэдэг Монгол Улс, эх орныхоо хамгийн өндөрлөг газар дотор орж ирж билээ. Тэр үед энэ олон жилийн дараа "өдөр бүр" орж ирдэг болох юм гэж зүүдэндээ ч зураглал үзээгүй явлаа. Ажил, амьдрал, уур бухимдал, сэтгэл тавгүйтэл гээд хүний амьдралд юу эс тохиолдохов дээ, хүний л амьдрал болсон хойно. Хүнд ер нь ямар гай зовлон учрах нь бол нэг их "чухал" бол биш юм. Юу чухал вэ гэхээр, гай зовлонд автсан хэрнээ тэрнээсээ яаж гарч чадаж байна, түүнийхээ гаслангийн цогийг ямар л сэтгэлийн дэм, тайтгарлаар унтрааж чадаж байна гэдэг л ЧУХАЛ юм.
Амьдралд хүн бүр л том уулын оргил өөд тэмүүлдэг, зорьдог. Гэвч тэр том уулын оргилруу бага багаар алхаж байхдаа уулын энгэрт налайсан ургамал цэцгийн гайхамшгийн, тэр уулыг нөмөрлөж байгаа тэнгэрлэг сайхан нар, үүл, салхины, тэр уулыг тогтоож буй тэр их агуу хүчтэй, тэнэгэр уудам газрын САЙХАН-ыг тэр болгон ажирахгүй байгаа нь харамсалтай хэрэг юм.
Миний "амьдрал" гэдэг уулын сайханаас хүртэх шим тэжээлүүд маш олон бас их энгийн. Тэр дундаас хамгийн ихээр одоо бахархаж явдаг нь миний ажил ба ажлын газар. Ажил ихтэй, уурлаж бухимдаж, сэтгэлээр гундсан ч би:
"Монгол Улсынхаа Төрийн ордон дотор явж байна гэж бодохоор л өөрийн эрхгүй нуруу цээжээ цэх шулуун, толгой өөд алхамаар санагддаг."
Энэ нь намайг эргээд өөртөө итгэлтэй, өөдөө эрмэлзэлтэй төлөвшихөд минь нөлөөлдөг. Төрийнхөө ордон дотор хөл тавьж байна гэж бодохоор л дэлхий цөмрөх мэт хэврэг ч юм шиг энэ "үнэтэй, цэнэтэй" байшин дотор дэлхий надаар дутах юм шиг бардам алхаж чаддаг болохоор дундрах итгэлийг минь тэр даруй нь дүүргэж, дордох сэтгэлийг минь тэр дор нь сэргээдэг биз ээ.
Монгол Улсын Төрийн ордон 2015 он 2016.03.31 |
Comments
Post a Comment