Үйлийн үртэй хорвоод үлдэгсэд

Үүрээр үзсэн зүүд
Үнэн байдаг гэлцэх юм билээ
Үхэж байна гэж зөгнөлөө гэвэл
Үйлийн үр минь дуусч байгаа байх даа тэгвэл...

Үүрд амсьгал минь уур болон дэгдэхгүй
Үхэл гэдэг ганцхан надад ирдэггүйгээс хойш
Үнэн мөнөөс зугатаад би яах билээ
Үнс болон салхинд хийслээ гээд яах билээ
Зуурдын энэ амьдрал гэгч завинд
Зуураад үлдэж байгаа та нарт
Зурвас бичиж илгээе гэвэл
Бурханы орноос мөд ирэхгүй биз
Явах замаа нэгэнт би харсан болохоор
Яс минь бүтэн дээрээ хэлээд авъя байз...


Час час хийн энэ хорвоод дуулим болж ирсэн билээ чи
Чамайг тойроод олон хүний мэлмийнээс баярын нулимс гарсан гэсээн
Хүйн холбоотой ижий чинь чамайг чарлахыг л сонсох гэж
Хорвоогийн арван хүнд хавар намрыг туулсан юм гэдэг
Хоосон ч хонох эрхгүй хорвоогийн өдрүүд ирсэн юм гэдэг
Өөрөөс нь тасарч унасан
Өр зүрхнийх нь цохилт юм болохоор
Өөрөөсөө ч илүү хайрладаг байлгүй
Өвдөхөөрөө муу үрээ л бодож тэвчдэг юм байлгүй дээ.


Дэнгэн данган алхалж, шороо хөдөлгөж өссөн билээ чи
Дагаж араас нь "уначихвий" гээд дөрөв хөллөж түшсэн гэсээн
Даарсан гараараа чиний л жаахан хөлийг дулаацуулах гэж
Дүн өвлийн хүйтэнд ч гал манан өнжсөн юм гэдэг
Долоон бурхан оддод чамайг даатгаад өөрийгөө мартсан юм гэдэг
Аалийг нь дуурайж, төрхийг нь дагаж ирсэн аатай хүн болохоор
Ай газарт ч, тэнгэрт ч алзахгүй тэнгэрлэг заяатай юм байлгүй дээ

2017.01.04

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан